ХЭРЭГЛЭЭНИЙ САГС ГЭЖ ЮУ ВЭ?

Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо (ҮСХ)-ноос хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ээр илэрхийлэгдсэн инфляцийн түвшинг 2017 оны 10 дугаар сарын байдлаар 5.7 хувь байсан тухай зарласан.
Монгол банкнаас боловсруулж Монгол Улсын Их Хурлаар батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-д Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2018-2020 онд жилийн 8 хувь орчимд тогтворжуулна хэмээн дурдсан байдаг билээ.
Та бүхэнд энд инфляцийн түвшинг ХҮИ-ээр “илэрхийлэгдсэн” болон “хэмжигдэх” гэх тодотголыг анзаарсан байх. Энэ юу гэсэн үг вэ гэвэл инфляцийн түвшинг тооцоход ашигладаг нэгэн төрлийн статистикийн үзүүлэлт нь ХҮИ болохыг илтгэнэ. Гэхдээ бид инфляци бол үнийн ерөнхий түвшний өсөлт гэдгийг мэдэхээс биш, түүнийг хэрхэн тооцдог талаар төдийлөн анхаардаггүй. Тэгвэл бид ХҮИ ашиглан инфляцийн түвшинг хэрхэн тооцдог тухай болон ХҮИ-ийн тооцоонд ашиглагдах “Хэрэглээний сагс” зэрэг ойлголтуудын талаар үе шаттайгаар тайлбарлан хүргэхээр зорьж байна.
Хэрэглээний сагс гэж үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалтыг ойлгоно хэмээн ҮСХ-ны даргын 2016 оны 12 сарын 22-ны өдрийн A/71 тоот тушаалын хавсралтаар баталсан “Хэрэглээний үнийн индекс” тооцох аргачлалд заажээ.
- Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ гэж Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)-ны үр дүнгээр өрхийн ний төсөвт 0.2 болон түүнээс дээш хувийн жин эзэлж буй бараа, үйлчилгээг авч үздэг.
- Харин Хүн амын хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээ гэж ӨНЭЗС-ны үр дүнд 0.2 хувийг эзлээгүй ч, тухайн бүлэг, дэд бүлгийн хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй орох шаардлагатай гэж үзсэн бараа, үйлчилгээг ойлгодог.
Хэрэглээний сагсанд хүн амын үйлдвэрлэлийн бус зориулалтаар худалдаж авсан бараа, үйлчилгээг сонгоно. Сагсан дахь бараа, үйлчилгээнүүд нь шинж чанар, төрөл, хэлбэрээрээ тодорхой бүлэг, дэд бүлгүүдэд хуваагдана. Жишээ нь: зүссэн талх гэсэн нэр төрөл нь хүнсний барааны талх, нарийн боов хэсэгт ангилна.
Хэрэглээний сагсанд орох бараа, үйлчилгээний нэр төрлийг сонгохдоо дараах зарчмыг баримталдаг байна. Үүнд:
- Өрхийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ байх,
- Тодорхойлолтын дагуу үнийг нь бүртгэх боломжтой байх,
- Зах зээлд тодорхой хугацааны туршид зарагдах магадлалтай байх,
- Хүн амын хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээг хамруулна.
ХYИ-ийг тооцоход Хувийн зориулалттай хэрэглээний бараа, үйлчилгээний ангилал (ХЗХБҮА-COICOP [https://unstats.un.org/unsd/cr/registry/regcst.asp?Cl=5])-ыг ашиглана. Энэ ангиллын дагуу хэрэглээний сагсны бараа, үйлчилгээг дараах 12 салбарт ангилна. Үүнд:
- Хүнсний бараа, ундаа, ус
- Согтууруулах ундаа, тамхи
- Хувцас, бөс бараа, гутал
- Орон сууц, ус, цахилгаан, түлш
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа
- Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ
- Тээвэр
- Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ
- Амралт, чөлөөт цаг, соѐлын бараа, үйлчилгээ
- Боловсролын үйлчилгээ
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ
- Бусад бараа, үйлчилгээ
ҮСХ нь 1991 оноос эхлэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын аргачлалын дагуу ХҮИ-ийг тооцож ирсэн. Өрхийн хэрэглээний зардлын бүтэц хувьсан, өөрчлөгдөж байдаг тул хэрэглээний сагсыг шинэчлэх шаардлагатай болдог. Манай орны хувьд 5 жил тутам ХҮИ-ийн сагс, жинг шинэчилдэг бөгөөд хамгийн сүүлд 2015 оны ӨНЭЗС-ны үр дүнд үндэслэн шинэчлэн тогтоосон. Хэрэглээний сагс хот болон хөдөөгийн хэрэглэгчдийн хувьд ялгаатай байх ба Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 373 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 344 нэр төрлийн бараа, үйлчилгээ, аймагт 238 нэр төрлийн бараа, үйлчилгээ байна.
Ийнхүү хэрэглээний сагсыг бүрдүүлсний дараа, тус сагсанд багтсан бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг зорилтот түүврийн аргаар цуглуулж ХҮИ-ийг тооцох боломжтой бөгөөд дараагийн удаа та бүхэнд ХҮИ тооцох арга зүйн талаар танилцуулах болно.
Tag:featured