СТАТИСТИКИЙГ ЯАГААД СУДЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийхэд танин мэдэхүйн гол хэрэгсэл нь статистик юм. Статистик нь өгөгдлийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах арга загваруудыг багтаасан математикийн салбар шинжлэх ухаан юм.
Тийнхүү өгөгдлийг цуглуулж, шинжилгээ судалгааг тохирох арга загваруудын тусламжтайгаар хийж холбогдох үр дүнгүүдийг тооцоолон гаргаснаар тодорхой бус зүйлсийн мөн чанарыг нээн илрүүлж, зөвлөмж шийдвэрүүдийн үндэслэлийг гаргадаг.
Хэрвээ та их сургуулиудын каталогийг үзвэл, ихэнх сургуулиудын хөтөлбөрт статистик багтдаг болохыг олж мэдэж болно. Хэрвээ та ирээдүйн карьераа нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, хүний нөөц, санхүү, бизнесийн шинжилгээ, эсвэл бизнесийн бусад талбарт төсөөлж байгаа бол, энэ чиглэлийн их дээд, сургуулиудын хөтөлбөрийн зайлшгүй нэг хэсэг бол статистик болохыг ойлгоно.
Тэгвэл яагаад эдгээр бүх мэргэжлүүд статистиктай холбоотой юм бол оо?
Статистикийн практик хэрэглээг авч үзвэл дээрх асуултын хариулт аяндаа тодорхой болох юм. Бизнес дэх статистикийн хэрэглээг авч үзвэл:
- Үйлдвэрлэл, үйлчилгээ
Хэрэглэгчдийн сэтгэлд нийцэх бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, ашгийн түвшинг нэмэгдүүлэх боломжийг олж илрэх, үйлдвэрлэл үйлчилгээний нарийн төвөгтэй процессыг загварчлах улмаар бүтэц зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг тогтоох;
- Маркетинг
Шинэ бүтээгдэхүүний загварыг оновчтой болгох, бүтээгдэхүүний зах зээлд эзлэх байр суурийг тодорхойлох, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг үнэлэх;
- Санхүү ба хөрөнгийн зах зээл
Хөрөнгө оруулалт, валют, түүхий эд, үнэт цаасны арилжааны эрсдэлийг үнэлэх, багц ба үүсмэл үнэт цаасны эрсдэлийг удирдах, аж ахуйн нэгжийг санхүүгийн удирдлагаар хангах, хөрөнгийн зах зээлийг судалж арилжааны стратегийг тогтоох;
- Даатгал
Эрсдэл, түүний санхүүгийн нөлөөг бууруулах арга замыг судалж тогтоох, даатгалын үйлчилгээнүүдийн загварыг үнэлэх улмаар ирээдүйн төлөвлөгөөг зохиох гэх мэт.
Үүнээс гадна анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн салбарын асуудлууд, хөдөө аж ахуй, экологийн асуудлуудыг шийдэх, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцох, түүнд дүн шинжилгээ хийх ба хууль тогтоомж, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилт, оновчтой байдал зэргийг судлах статистикийн техник зайлшгүй шаардагдана.
Эндээс харахад статистикийн хэрэглээ үгүй салбар ховор тул их дээд сургуулиудын оюутнуудад статистикийн загвар боловсруулах, үр дүнг тайлбарлах талаар зааж сургах шаардлага гардаг бөгөөд ихэнх мэргэжлийн, ялангуяа эдийн засаг, бизнесийн чиглэлийн сургалтын хөтөлбөрт “Статистик” зайлшгүй багтдаг. ,
“Ихэнх салбарт эрдмийн зэрэг хамгаалагчдын судалгааны арга зүйн багагүй хэсэг нь статистик техникүүд байдаг.”
Сонин сэтгүүл болон бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээ, нийтлэл, тайлан бичихэд ч статистик техник шаардлагатай болдог.
Дүгнээд хэлэхэд, статистикийг судлах дор хаяж гурван шалтгаан байна. Үүнд:
- Өгөгдлийг хаа нэгтэйгээс цуглуулах болон мэдээллийг ашиглахын тулд статистик мэдлэг шаардлагатай
- Мэргэжлийн болон хувийн шийдвэр гаргахад статистик техник шаардлагатай
- Таны ямар карьертай байхаас үл хамаараад, дэлхий ертөнцийг таньж мэдэхэд статистик мэдлэг хэрэг болно.
Энэ утгаараа статистикийн арга техникүүдийг энгийнээр тайлбарлах нь бидний ирээдүйн ажлын нэг хэсэг болох юм.