Манай байгууллага нь судалгаа, шинжилгээ болон зөвлөх үйлчилгээний олон жилийн дадлага, туршлагатай, эдийн засаг, статистикийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн боловсон хүчинтэй бөгөөд судалгааны шинэлэг болон дэвшилтэт арга зүй, олон улсын сайн туршлагад тулгуурлан өргөн хүрээний судалгааг хийж гүйцэтгэдэг.
Түүнчлэн, манай байгууллага хэрэглэгчдийн статистикийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, аргачлал, арга зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх, сургалт явуулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэх зэрэг өргөн далайцтай ажлыг эрхэлдэг.
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын статистикийн байгууллагууд өндөр насны тэтгэвэрт гарсан боловч тухайн ажлыг эрхлэн гүйцэтгэх дадлага туршлага бүхий мэргэжилтнүүд, онолын өргөн мэдлэгтэй их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын мэдлэг чадварыг ашиглахад онцгой анхаарч байна. Энэ байдлаас санаа авч тус байгууллагыг үүсгэн байгуулсан юм.
Энэхүү “Статистикийн мэдээллийн боловсролын стратеги боловсруулах, орон нутагт мэдээллийг цуглуулах, түгээх чадавхыг бий болгоход мэргэжлийн дэмжлэг үзүүлэх” зөвлөх үйлчилгээний баг шалгаруулах сонгон шалгаруулалтад оролцох багийг бүрдүүлэхдээ төв, орон нутгийн статистикийн байгууллагад ажиллаж байсан дадлага туршлагатай эрдэмтэн судлаач, зөвлөхүүдийг ажиллуулах чиглэл барьсан болно.
Түүнчлэн бидний гүйцэтгэх ажил нь тус салбарт өмнө хэрэгжүүлж байсан төслийн үргэлжлэл, залгамж холбоо болж буйг анхааран үзээд өмнөх төслийн талаар мэдлэгтэй, уг ажилд оролцож байсан дадлага, туршлагатай хүмүүсийн мэдлэг чадварыг ашиглахад онцгой анхаарлаа. Манай багт өмнө нь ҮСХ-нд дэд дарга, газрын дарга хийж байсан хүмүүсээс гадна их, дээд сургуулийн багш, онол, арга зүйн өндөр мэдлэг, чадвартай залуу мэргэжилтэн орж ажиллаж байгаа бөгөөд харилцан туршлагаа солилцож, асуудлыг цогцоор шийдвэрлэх нэг чухал нөхцөл бүрдэж байгаа.
Судалгааны багийн гишүүд нь эдийн засаг, статистик, программ хангамжийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэргийн боловсролтой бөгөөд төрийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан туршлагатай.
Бид өрхийн нийгэм, эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа болон хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ, хөдөлмөр цалин хөлс, боловсон хүчний асуудлаар үндэсний хэмжээний судалгаа хийх, Хүн ам, нийгмийн бодлого, Статистикийн салбарын мэдээллийн технологийн бодлого боловсруулах, зөвлөмж боловсруулах, , орон нутгийн статистикийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, бие даасан байдлыг нь нэмэгдүүлэх, Монгол улсын мянганы хөгжлийн үндэсний илтгэл бэлтгэх зэрэг өргөн хүрээний ажлыг өндөр түвшинд гүйцэтгэж байсан юм.